Тэнгэр заяат Монголчууд бид домогт Арвайн талдаа нар хур тэгширсэн зуны дэлгэр сайхан өдрүүдэд “Арвагар хээр адууны баяр”-ыг дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.
Хурмаст тэнгэр хураа хайрлаж адуунд хайртай хүн төрөлхтөн адуун дундаа уяатай өнжин өнжин наадлаа.
Бидний баярыг зүг зүгээс зүс ижилсэж ирсэн түмэн сүрэг Арвайн талдаа асгасан шагай шиг дэрвэлзэж, 10 айлын 250 гаруй ууган унага зэлэндээ уягдаж, хангай дэлхий, эцэг өвгөддөө сааль сүүнийхээ дээжийг өргөж, түмэн адууны туурайг тамгалан мөнхжүүллээ. Молор эрдэнэ болсон моринд хайртай түмэн олон хоёр өдрийн туршид морины тухай дуу хуур, хуруу, дэмбээгээрээ наадаж айраг цагаагаараа цалгилан халгин байлаа.
Адууны баярын үйл ажиллагаанд 500 гаруй төрийн албан хаагчид ажиллаж, гадаад дотоодын 24 мянга гаруй жуулчид, иргэд маань сонирхож, бизнес эрхлэгчид маань хоёр өдрийн туршид нэг тэрбум 800 сая гаруй төгрөгийн ашиг орлого ажилласан байна.
Бид Монгол адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь олон улсад сурталчлах зорилгоор Арвагар хээр адууны баярыг жил бүр Арвайн тал, Монгол түмний морины их шүтээн цогцолбортоо тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Адуутай, айрагтай, аялгуутай Арвайн талдаа ирэх жил эргэн уулзахын ерөөл өргөе.