• 12 сарын 15, Даваа гараг
ӨНӨӨДӨР ХҮҮХДҮҮДЭЭ СОНСЛОО
59 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Арвайхээр сумын ЗДТГ-аас өнөөдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгож, ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллежийн сурагчидтай уулзалт хийлээ.

Хүүхдүүдийн үзэл бодол, дуу хоолойг сонсож, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргах түвшинд уламжлан үйл ажиллагаандаа тусгах зорилгоор сумын Засаг дарга болон ЗДТГ-ын мэргэжилтнүүд долоон сургуульд очиж ажилласан юм.

Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн сурагчдын төлөөллөөс дараах саналуудыг хэлж байв.

✋ Хүүхдийн тоглоомын талбай, сагсны талбай, хөл бөмбөгийн талбайд тоглоход эвдэрсэн, хугарсан зүйл их байдаг болохоор хувцсаа урах, бэртэж тохиолдол их гардаг.

✋ Дутуу барьсан болон ашигладаггүй нурсан барилгуудад хүүхдүүд олноор очиж, тамхи татах, томчууд архидах асуудал их байдаг.

✋ PC тоглоомын газруудад хүүхдийн эрх их зөрчигддөг, нэгнээсээ буруу үлгэр дуурайлал авдаг.

✋ Нэг ангид хүүхдийн тоо, ачаалал их байгаагаас шалтгаалж, хичээлдээ бүрэн анхаарч чаддаггүй.

✋ Сургуулийн орчинд гэрэлтүүлэг, камержуулалт муу. Хогийн сав цөөн.

✋ Баригдаж буй барилгуудын орчинд эрсдэл ихтэй, хүүхдийн дээрээс юм унах магадлал их байдаг.

✋ Сургуулийн эмчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай.

✋ Уурын зуухнуудыг халж чадахгүй бол янданг нь өндөрсгөх хэрэгтэй. Өвлийн улиралд цонхоор утаа хөө тортог маш их орж ирдэг.

✋ Ахмад хүмүүс алхаж явах үедээ 200 метр яваад амрах шаардлагатай болдог ч суух сандал байдаггүй. Нийтийн эзэмшлийн талбай, гудамуудад ойр, ойрхон сандал байрлуулах гэх мэт саналыг хэллээ.

Хүүхдүүдийн санал хүсэлттэй холбогдуулан сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд хүлээн авч, мөн хариу мэдээллийг өгсөн юм. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбайн эвдэрсэн хэмхэрсэнг байнга засдаг боловч өдөрт нь буцаагаад эвдчихдэг. Хотоо хайрлах, хамгаалах соёлд суралцах нь томчууд төдийгүй, хүүхэд бүрийн хүлээсэн үүрэг гэдгийг сурагчдад ойлгууллаа.

2025-06-03 00:00:00