Арвайхээр сумын Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй 2025 онд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. 2024 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр сумын ӨЭМТ-үүд хангалттай сайн үнэлэгдэж, хамтын ажиллагааны гэрээг ЭМЯ-ны сайдын тушаалын дагуу сунган байгуулсан юм.
Мөн Арвайхээр сумын хүн амын өвчлөлийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, халдварын болон халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношлогоог хийхэд багийн Засаг дарга, багийн эмчийн нягт уялдааг сайжруулах зорилгоор энэ жилээс эхлэн хамтын ажиллагааны гурвалсан гэрээг хийж эхэллээ.
Гэрээг үзэглэх үеэр сумын Засаг дарга Б.Ганбат "Арвайхээр сумын 37 мянган иргэний эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношилгоог оновчтой тодорхойлж, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарч, халдварын бус өвчлөлийн тоог суурь түвшнээс 50 хувь бууруулан ажиллах"-ыг ӨЭМТ-ийн эмч удирдлагууд болон багийн Засаг дарга нарт үүрэг болголоо.