• 12 сарын 15, Даваа гараг
УРИАЛГА
47 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монголчууд эрт үеэс угийн бичиг хөтөлж, үр хойчдоо өөрсдийн уг гарвал, угсаа залгамж, удам судраа таниулж, голомт сахихын үүрэг хариуцлагыг ойлгуулж, гэр бүл, хамт олны эв эеийг сахих, ах захаа мэдэн хүндэтгэх сэтгэлгээг төлөвшүүлж ирсэн оюуны үнэт нандин өв соёлтой ард түмэн билээ. Угийн бичиг хөтлөх нь есөн үеэ мэдэлцэж, ураг төрлийн хэлхээгээ нандигнан хадгалж, удам судраа цэвэр ариун байлгах иргэний үүргээ биелүүлэх хариуцлагатай үйл хэрэг төдийгүй монгол хүний удмын сан, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, танин мэдэхүйн ач холбогдолтой бичиг соёлын баримт, улс үндэстэн тусгаар оршихуйн үндэс болсон хүн ам зүйн бодлогын нарийн чанд утга агуулга бүхий төрт ёсны үйл хэрэг юм.

“Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, Соёлын хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн хуулинд гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх, цус ойртолтыг багасгах, хүн амын удмын санд учрах сөрөг нөлөөллийг бууруулах талаар тодорхой заалт тусгасан бөгөөд эдгээр бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд "Нэг өрх-Нэг угийн бичигII" аяныг өрнүүлж байна.

Монгол түмний уламжлалт баяр цагаан сараар ахан дүүс, айл хотлоороо цуглан амар мэндээ мэдэлцэж, ураг удмаа танидаг эртний сайхан уламжлалаа сэргээж, XVII жарны модон ногоон могой жилийн сар шинийн баярын өдрүүдэд айл, өрх бүр угийн бичгээ хөтлөн үр хойчдоо өвлүүлэн үлдээхийг УРИАЛЖ байна.

САР ШИНЭДЭЭ УРАГ ТӨРӨЛ, ХОТОЛ ОЛНООРОО САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

2025-02-06 00:00:00