Хот суурин газрын хүн амын дунд шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлын тоосны шалтгаанд амьсгалын замын харшил, ургамлын тоосны харшил ихээхэн нэмэгдэж байгаатай холбогдуулан Арвайхээр сумын Тамгын газраас “ШАРИЛЖГҮЙ ХОТ ШАРИЛЖГҮЙ АЙМАГ” харшлын эсрэг аяныг энэ сарын зургаанаас эхлэн өрнүүлж байна.
Арвайхээр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн болон ойр орчмын 50 метр зам талбайн ногоон байгууламжийн харшил үзүүлэх нөлөө бүхий зэрлэг ургамлыг устгах, мод бутыг хэлбэржүүлэн тайрах ажлыг үүрэг болголоо.
Мөн нийтийн эзэмшлийн зам талбайн зэрлэг ургамлыг устгах ажлыг нийтийг хамарсан ажлын хүрээнд иргэдийг цалинжуулан ажиллуулж байна.
Иймээс хотын иргэн Та бүхэн үүргээ биелүүлж өөрийн эзэмшлийн хашаа, ойр орчмын зэрлэг ургамлаа устгахыг уриалж байна.